Турцгаая

Thursday, May 22, 2014


1. Энэ бол ажлын залуугийн маань биднийг мөрд хэмээн өгсөн дэглэм. Гоё өгзөгтэй болохын тулд дасгал хийхээс гадна хоолны дэглэм барьж үр дүнг нь дэмжих хэрэгтэй байдаг аж. Эхний долоо хоног бүгд “Пүү, паа”, “Амнаас уналаа” гэх мэтээр дуу алдацгаагаад, дараагийн долоо хоногоос эхлэн өөрсөддөө тохирсон эрүүл хооллолтын дэглэм зохиож, мөрдөхөөр шийдсэн юм.  Ингээд бид дараах зүйлсийг идэхээ бүрмөсөн зогсоосон.
• Давс, элсэн чихэр, төрөл бүрийн амтлагч /Хоол хүртэл давсгүй шүү/
• Гурил /Зөвхөн хөх тарианы гурил л зөвшөөрнө/
• Будаа /Зөвхөн гурвалжин будааг л зөвшөөрнө/
• Төмс /Шарсан нь ч, чанасан нь ч тэр. Бид төмсийг брокколи, луувангаар сольсон/
• Хиам, зайдас
• Хонь, адууны мах /Нуугдмал тос ихтэй учир үхрийн цул болон тахианы цээж махаар сольсон/
• Бүх төрлийн амттан /Жимстэй йогурт ч тэр/
• Өндөг /Цагаан уургийг шараас нь салгах жаахан залхуутай бас нэгэнт л харчихвал идчих байсан учраас бас л больсон/

2. Цусанд шууд шимэгддэг нүүрс устай хүнснүүдийг хэрэглэхээ больсноос хойш долоо хоногийн дотор би лав 2 кг турчихсан байсан шүү. Гэрийнхэндээ, найзууддаа дэглэмийнхээ тухай хэлэхээр “Тэгээд чи яг юу идэж байгаа юм бэ?” гээд л байдаг юм. Манай “Гоё өгзөг” багийнхан тахианы цээж мах, үхрийн цул мах, брокколи, лууван, сонгино, сармис, гурвалжин будаа болон хөх тарианы гурил, бууцай, яншуйнаас сонгон иддэг. Бас жимс. Ялангуяа алим. Амттан идмээр санагдах л юм бол алим идээд байгаа.

3. Бид нар яагаад хоолны дуршлаа даран байж ийм дэглэм барин дасгал хийх болов оо гэж үү? Сарын дараах шалгалтаар үр дүндээ хүрч чадсан ганцхан ялагчид биеийн тамирын хослол ажлын залуу маань хувиасаа бэлэглэх болохоор тэр л дээ. Нэг маань “Манайхан ч аргагүй өрсөлдөх дуртай юм аа. Зүгээр туръя, дасгал хийе гэхэд хөдлөхгүй мөртлөө шагналтай болохоор  бүгд оролцоод” гэж инээж байсан. Гэхдээ миний бодлоор, бидэнд буюу эмэгтэйчүүдэд зүгээр л ямар нэгэн бодит үр дүн, хүрэх цэг хэрэгтэй байдаг байх. Яагаад гэвэл турахыг хүссэн эмэгтэйчүүд дэглэм барьж, фитнест явдаг ч долоо, сайндаа 14 хоноод л мөрдлөгөө зогсоочихдог. Тухайн үедээ гурван кг турлаа гэдэг ч эргээд их иддэг, дасгал хөдөлгөөн хийдэггүй хэв маягтаа оччихоор хичээсэн үр дүн нь хий замхарчихдаг шүү дээ. Тиймээс турдаггүй юм аа гэхэд ядаж өөр ямар нэгэн үүнээс ирэх сайхан үр дүн бидэнд хэрэгтэй байсан байх л даа. Тэр нь эцсийн эцэст биеийн тамирын хослол байсан ч хамаагүй.

4. 5-р сарын 30-нд гурав дах хэмжилтээ хийн эцсийн дүнгээр ялагчийг тодруулна. Гэхдээ ялагч болохгүй байсан ч одоогоор мэдрэгдсэн үр дүндээ би л лав сэтгэл хангалуун байгаа. Тухайлбал:
• Хоолны тухай тэгтлээ их ярихаа больсон. /Угаас давсгүй хоол, чихэргүй амттаны талаар яримаар санагддаггүй юм билээ./
• Толинд хараад “Би таргалчихаж үү дээ” гэж бодохоо болиод оронд нь “Миний үр дүн хаана харагдав” гэж хардаг болсон. Том дэвшилт шүү!
• Таазны тойрог 3см-ээр, бүсэлхийнийх 5см-ээр багассан.
• Хэн нэгэн цүнхээ уудлан гялгар уут дуугарахад гэрлийн хурдаар анхаарал хандуулдгаа больсон.
• Бие илүү, илүү хөнгөхөн болсон.
• Уулзсан хүн болгон “Царай чинь яг нярайлсан хүнийх шиг шингэрсэн, гэрэлтэж харагдаж байна” гэж магтдаг болсон.
• Надаас үлгэр дууриалал аван хоёр ч найз маань түргэн хоол идэхээ болихоор шийдсэн.
• Сарын дараах өөрийгөө төсөөлөхөөс тогтож сууж чадахгүй байгаа.
• Гэхдээ хамгийн гол нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, биедээ чадлаас нь их ачаалал өгөхгүй байгаадаа бахархалтай алхдаг болсон.

5. Ер нь бол “Зун болохоор туръя” биш “Зун болохоос өмнө туръя” юм байна лээ шүү, найзууд аа!

0 comments:

Post a Comment